
Монгол зон олон маань туулай жилээ үдэж, луу жилтэйгээ золгож, уламжлалт их баяраа өнө удаан гэгч нь өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Ямартаа ч малчины хотонд төлийн дуу цангинаж, байгаль цаг уурын хатуу цагийг ардаа орхиж урин хавартайгаа золгоод авлаа. Гадаа цас хайлаад л цаанаа л сайхан. Гэвч улс төр, нийгмийн амьдралын хамгийн адармаатай хатуу ширүүн цаг үе одоо л эхлэх гэж байна. Засгийн газрын зарлиг бууж зарим нэг өдрийг нөхөж, заяа төөрөг нь тээглэж амралтын хоёр өдөр таарсанаар албан газруудын үүд хаалга лацтай нилээд хэдэн хоногийг аргацаав. Харин миний муусайн ах нар л амралт, чөлөө завгүй ажиллав бололтой. Нутаг усныхаа хэдэн хөгшидөд бэлэг сэлт барих, зарим нэгэнд нь улсын сайн, аварга малчин энэ тэр шагналыг нь өгөх гээд сар шинээ хөдөөгүүр л өнгөрөөх шив дээ. Нохойн дуу ойртоод сонгууль хаяанд ирээд байхад явахгүй гээд ч яах билээ. Өөрсдийн нэр хүндээ өсгөж бараа бараагаа харалцах сайхан боломж тохиож байхад. Намрын чуулганаа шийдсэн, тогтсон ч юмгүй шахуу нилээд яаруу, сандруу хаасан. Цагаан сар, сонгууль хоёр болох гээд байхад хэн тэгээд л тэнд худлаа үнэн хуралдсан болоод цаг алдаж суухав дээ. Тэртээ тэргүй гурван жил гаран залхаталаа л зүгээр суусанаас хойш. Ийнхүү намрын чуулганаа бушуухан хааж хаячихаад хэдэн гишүүд маань тал тал тийшээ таран одсон. Луу жилийн хувьд мань төр засгийн эрхэмүүдэд нилээд ширүүхэн жил болох юм гэсэн. Энэ нь нөгөө сонгуультай л холбоотой болов уу. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Сонгууль болоход хэдхэн сар үлдээд байдаг. Мань хэд энэ хугацаанд өмнөх сонгуулиар амласан амлалтаа биелүүлэх гэж, ирэх сонгуульд ногоон гэрлээр зорчих оноо цуглуулах гэж нилээдгүй л юм болно. Амлаад л амлаад л... тэр амласан зүйлсээс нь нүдэнд харагдаад, гарт баригдах юм одоохондоо алга л байна. Утаа энэ тэрээ багасгах гэсээр байтал нөгөө айхтар улирал нь дууслаа. Түүгээр ч барахгүй бензины үнэ өсөж үүн дээрээ дөрөөлөөд хамаг юмныхаа үнийг тэнгэрт мандуулсан. Ард иргэд нь өлмөн, зөлмөн амьдарч, авилгач олигархиуд нь аюгүй хөөрхөн хөлжисөөр монголчуудын амьдрал нэгэн хэвийн үргэлжилсээр л... энэ мэтчилэн бичээд байвал дуусашгүй их ажилтай болно биз. Цагаан сар хуучирч саарал ордондоо цугларч хаврын чуулганаа нэг юм нээсэн болчихоод буцаад л тойрог тойрогруугаа хүүдийтэй мөнгөө ганзагалаад хүлгийн жолоогоо зална байхдаа. Амла амла бас дахин амла гэхээс өөр юу ч гэхэв. Ямартаа ч монголчууд маань цагаан сар, сонгууль хоёроор ч нэг сайн цадах юмдаа. Хаврын хавсарга, сонгуулийн мөнгө хоёрт ч булагдах цаг боллоо доо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна