Жиргээчдэд хариуцлага тооцно!
2014/02/15

Нэг хэсэг Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон жиргээч Танхай эмээ нарын доромжлол, гүтгэлгийн тухай маргаан цахим ертөнцөд халуун сэдэв болж байв. “Доромжилж болно, гэхдээ гүтгэлгийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн Танхай эмээд хаягласан түүний жиргээ ч олны анхаарлыг татсан. Тэгвэл өнөөдрөөс жиргээгээр гүтгэдэг, санаатайгаар цуурхал тарааж буй хууль бус үйлдэлтэй тэмцэх болсноо Засгийн газрын тэргүүн мэдэгдэж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа

-Цахим ертөнцөөр ташаа мэдээлэл цацсан хүмүүст хариуцлага хүлээлгэнэгэсэн мэдээллийг тодруулаач?                                                              

-Уран зохиолын хичээлийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо гэсэн ташаа мэдээлэл долоо хоногийн эхний өдрөөс л цахим ертөнцөөр тарлаа. Мэдээлэл тардаг хурд сайжирсан. Үүнийг ашиглаж зохион байгуулалттайгаар цуурхал тараах явдал эрс нэмэгдэж байна. Бүтэн өдөр хийх ажилгүй хүмүүс дуу дуугаа аваад л цуурах юм. Худлаа цуурхал өдөр бүр явж байна.

Уг нь бид урагшаа харж, урдах ажлаа хиймээр байна. Хийсэн зүйлгүй, хий хоосон цуурахаа болих хэрэгтэй.  Олон нийт рүү чиглэсэн  ташаа мэдээлэл зохион байгуулалттай тарааж, хоосон цуурхал хөөцөлдмөөргүй юм. Засгийн газраас  энэ асуудалд анхаарч, цуурхал тарааж буй хүмүүстэй хариуцлага тооцно гэж төлөвлөж байна. Цаг нь ч болсон. Иргэдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээллийг тарааж, олон түмний цаг завыг алдагдуулах явдлыг даамжруулж болохгүй. Таслан зогсооно. Нэг мэдээлэл цацдаг, нөгөөх нь хоёр хоноод ташаа болох нь батлагддаг. Ийм байдлаар явж ирлээ.

-Хэрхэн яаж  хариуцлага тооцох вэ?

-Ташаа мэдээллийг санаатайгаар тарааж буй хэсэг бүлэг нөхдөд хариуцлага тооцох тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.  Цахим ертөнцийн аюулгүй байдалд хяналт тавьдаг, зохион байгуулалттайгаар бусдыг төөрөгдүүлж буй байдлыг халах нь зөв байх. Тиймээс захиалгаар твиттерт сууж худлаа юм бичдэг хүмүүст хариуцлага тооцдог болно.  Манай Засгийн газрын зүгээс  олон нийтэд аль болох нээлттэй мэдээллийг өгдөг. Гэтэл нэг мэдэхэд л цуурхал тараачих юм. Санаатайгаар ч бай, санамсаргүй ч тэр худал ташаа мэдээлэл огт тарааж болохгүй. Фейсбүүк, твиттерийг  хэрэглэгчид түлхүү ашигладаг болсноос хойш энэ байдал улам бүр нэмэгдсэн учраас тодорхой хяналт байх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

-Шатахууны үнэ өчигдрөөс нэмэгдчихлээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр дууссантай холбож ойлгох уу?

-Засгийн газраас шатахууны үнийг нэг жилийн хугацаанд тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үнийг барьсан.  Тэр ч бүү хэл 50 төгрөгөөр бууруулж чадсан шүү дээ. Шинэ он гарснаас хойш шатахууны үнэ огцом өсөх үндэслэл байхгүй. 90 төгрөөр өсөх шалтгаан байхгүй. Тэгэхээр шатахуун импортолдог компаниудын цаанаас худалдан авдаг үнэд өөрчлөлт орсон байж болох юм. Гэхдээ дахин хэлэхэд 90 төгрөгөөр нэмэгдэх учиргүй. Харин 10-20 төгрөгөөр нэмэгдсэн хэлбэлзэлд Засгийн газар үнэ барих боломжгүй.

-Буянт-Ухаа дахь хороололд баригдаж буй хямд өртөгтэй барилгаас залуу гэр бүлүүд захиалах гэхээр эзнээ олчихсон байна гэх яриа гарах боллоо. Журам нь батлагдсан уу?

-Буянт-Ухаа хороололд баригдаж буй барилгын тухай журмыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар оруулна. Батлагдсан журмын дагуу зорилтод бүлгийн өрх буюу залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах боломжтой юм. Байранд орох хүн олон. Эрэлт хэрэгцээ их гэсэн үг. 1700 байр л бий. Юмтай болсны зовлон эхэлсэн. Бас л байр эзнээ олчихлоо гэх яриа газар авч байх шиг байна. Буянт-Ухаа хорооллоос зөвхөн тэтгэвэрт байгаа хүмүүс, залуу гэр бүл байр авах боломжтой. Үүний дагуу журам нь өнөөдөр эцэслэгдэнэ. Журам гарсны дараа зорилтод бүлгийн гишүүд холбогдох байгууллагаараа дамжуулан байраа авах боломжтой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин