Монголын ТОП-100 ААН: Монголын эдийн засгийгМ-Си-Эс, МАК, Шунхлай, Таван Богд, Макс групп “дааж” байна

Монголын ТОП-100 ААН: Монголын эдийн засгийгМ-Си-Эс, МАК, Шунхлай, Таван Богд, Макс групп “дааж” байна

Монголын эдийн засгийг ердөө 5 гэр бүл дааж явдаг гэвэл та итгэх үү. “Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг гэж З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа хэлж байв.

Харин энэ 30 биш, ердөө 5 гэр бүл л ашиг орлого, татвар төлөлт, хөрөнгийн хэмжээгээр Монгол улсдаа толгой цохиж, жил бүр топ-100 ААН-ийн нэгээр шалгарч байна. Тэд өнгөрсөн 2025 онд нийт 65.7 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 8.04 их наяд төгрөгийн татварт төвлөрүүлж, 7.76 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ.

Мөн эдгээр байгууллагууд нийт 29.3 их наяд төгрөгийн хөрөнгөтэй аж. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн орлогыг ₮31.9 их наяд байхаар баталсан. Тэгэхээр энэ төсвийн 30 хувийг 5 гэр бүл төвлөрүүлдэг болохыг дараах дата мэдээллээр танд хуваалцъя.  

2025 оны ТОП-100 ААН-ийн эхний 10-т:

  1. Оюутолгой ХХК
  2. Монголын алт /МАК/ ХХК
  3. Хаан банк ХК
  4. Энержи ресурс ХХК
  5. Голомт банк ХК
  6. Худалдаа хөгжил банк ХК
  7. Премиум Нэксус ХК
  8. АПУ ХК
  9. НИК ХХК
  10. Мобиком Корпораци ХХК багтжээ.

Тэгвэл дээрх компаниудыг хэн, хэн эзэмшдэг вэ. Оюутолгой ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. "Оюу Толгой ХХК" дөрөв дэх жилдээ дараалан жагсаалтын нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Харин МАК ХХК Н.Нямтайширын гэр бүлийн мэдлийнх. Эхний хоёрт багтсан эл 2 компани хоёул уул уурхайн компани. Жил бүр шилдэг 100-д багтдаг МАК-ынхан татвар төлөлт, борлуулалтын орлого, даатгуулагчийн орлого, хөрөнгийн хэмжээ гээд бүхий л талаараа хувийн компаниудаас илүүрхэж байгаа юм.

Топ-100 ААН-ээ салбараар нь ангилж үзвэл:

  • Худалдааны 28
  • Уул уурхайн 24
  • Боловсруулах үйлдвэрийн 14
  • Санхүүгийн 10
  • Барилгын 7
  • Үйлчилгээ 7
  • Мэдээлэл холбооны 5
  • Тээвэр агуулах 3
  • Цахилгаан дулааны үйлдвэрлэл хангамж 1
  • Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх ажиллагаа 1 компани оржээ.

Нийт ААН-ийн 86 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) байгаа бол 14 нь хувьцаат компани (ХК) байна. 

Үүнээс Монголын баялгийг хувьдаа завшсан, идсэн гэж жил бүр баалуулдаг М-Си-Эс группийн 11 компани татвар төлөлт, борлуулалтын орлого, даатгуулагчийн орлого, хөрөнгийн хэмжээгээрээ топ-100-д шалгарч, шилдэг гэдгээ дахин тодотгов. Нэг группийн 11 компанийн татвар төлөлт, ашиг, хөрөнгийг нийлүүлбэл мэдээж, эхний 1, 2-оосоо илүүрхэх нь мэдээж.

Тэгвэл компаниудыг толгой компаниар нь авч үзвэл:

  • М СИ ЭС групп - 11
  • Монголын Алт (МАК) - 4
  • Шунхлай групп - 9
  • Таван Богд групп - 6
  • Макс групп - 3
  • Петровис ойл ХХК - 2
  • Номин Холдинг ХХК - 3
  • Бодь Интернэшнл ХХК - 2

Эндээс Монголын эдийн засгийг “баздаг” 5 гэр бүл илхэн харагдаж байна.

  1. 1. М-Си-Эс Ж.Оджаргал ноёнтны үүсгэн байгуулсан групп. 90-ээд онд эхлүүлсэн түүний бизнес өргөжин тэлсээр өнөөдөр салбар бүрт компанитай болж, охин компаниудаа ах, дүү, эхнэр, хүүхэд гээд гэр бүлийн хүрээнд удирдан яваа.
  2. 2. Уул уурхайн салбартаа бол Монголдоо ноёрхдог “Монголын Алт ХХК”-ийн босс нь Н.Нямтайшир. Тэрээр уул уурхайн салбарт бизнес хийж эхэлсэн нь өдгөө шилдэг ААН-үүдийн эхний байруудаас буухаа больжээ. Хүү Н.Номтойбаяр нь УИХ-ын гишүүн, Шадар сайд бол охин Н.Цэлмүүн нь группийнхээ Ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Мөн л гэр бүлийн бизнес.
  3. 3. Гуравт жагссан Шунхлай группийг П.Батсайхан удирдан залж яваа. Монголдоо архи, согтууруулах ундааны бизнесээр ноёрхлоо тогтоосон АПУ, Шунхлай хоёр бүтээгдэхүүн боловсруулах салбартаа тэргүүлэх зэргийнх. Архи, пивоны Монголын ууган үйлдвэр АПУ-г хувьчлан авч ах дүүс болох Г.Батхүү агсан, П.Батсайхан, П.Батчимэг, П.Бат-Эрдэнэ нарын байгуулсан компани өдгөө Монголдоо топ гурваар эрэмбэлэгдэж байна.
  4. 4. Нийт 6 компани нь шилдэг 100-д багтсан “Таванбогд” групп ноён Ц.Баатарсайханых. Монголын ноос ноолуурын ууган үйлдвэр “Говь”-ийг хувьчлан авснаас гадна дэлхийн франчайз компаниудыг эх орондоо нутагшуулсан, ХААН банкийг мөн хувьчлан авч Японы хөрөнгө оруулалттай хавсран шинэчилсэн гэх мэтээр тус группийн бизнес өргөн цар хүрээг хамарч байна. Монголын төр түүний хөдөлмөрийг 2021 онд үнэлж, Хөдөлмөрийн баатар цол олгосон байдаг.
  5. 5. Толгой компаниараа шилдэг 5-т эрэмбэлэгдсэн МАКС группийг Д.Ганбаатар болон түүний ах Д.Цэрэнжигмэд нар дирддаг. Эдний компани бизнесийн салбарт 30-аад жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, хүнс үйлдвэрлэл, худалдаа, хөдөө аж ахуй, зам, аялал жуулчлал, барилга бүтээн байгуулалт гэх мэт олон салаа мөчиртэй. Бизнесийн гол ноён нуруу нь Баянхонгор аймаг дахь “Хан Алтай ресурс” алтны төсөл нь Монголдоо дээгүүрт эрэмбэлэгдэх алтны нөөцтэй гэгддэг. Группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар 2020 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
  6. 6. Петровис ойл ХХК-ийн хяналтын багцыг өдгөө Ш.Отгонбилэг агсны хүү Э.Содбилэг “атгаж” суугаа. Угтаа 1997 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн уг компанийг хатагтай Ж.Оюунгэрэл агсан үүсгэн байгуулж хэд хэдэн хөрөнгө оруулагчид хамтран эзэмшдэг байв. Улсын ууган нефтийн компани НИК-ийг удирдаж явсан Ж.Оюунгэрэл хатагтай хэдэн жилийн өмнө нас барснаар тус группийн хяналтын багц О.Содбилэгийн гарт орсон гэдэг.
  7. 7. Номин ХК. 105 жилийн түүхтэй нийслэлийн анхны Их дэлгүүрийг өдгөө А.Шагдарсүрэнгийн хүү Ш.Баярсайханы үүсгэн байгуулсан “Номин Холдинг” ХХК эзэмшиж байна. Ш.Баярсайхан 2024 онд Хөдөлмөрийн баатар цол хүртэж байв.
  8. 8. Монголын уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлал, барилга, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг“Бодь Интернэшнл ХХК”-ийг ноён Д.Баясгалан хоёр найзын хамт үүсгэн байгуулсан түүхтэй. Сүүлийн жилүүдэд Д.Баясгалан болон түүний компани нүүрсний оффтейк гэрээ, төмөр замын бүтээн байгуулалт, улс төрчдөд санхүүжилт болон хахууль өгсөн байж болзошгүй гэх улс төрийн болон хуулийн асуудлууд олон нийтийн анхаарлыг татсан хэвээр буй.

Цаашлаад орлого, татвар, ашиг, ажиллагсдын тоо, хөрөнгийн үнэлгээгээрээ ямар, ямар компани орсныг харвал:

Орлого

  1. Оюутолгой ХХК
  2. ХААН Банк ХК
  3. Монголын Алт МАК ХХК
  4. Энержи Ресурс ХХК
  5. Голомт банк ХК
  6. Худалдаа Хөгжлийн Банк ХК
  7. Саусгоби Сэндс ХХК
  8. Шунхлай ХХК
  9. НИК ХХК
  10. АПУ ХК

Татвар

  1. Оюутолгой ХХК
  2. Монголын Алт МАК ХХК
  3. ХААН Банк ХК
  4. Энержи Ресурс ХХК
  5. АПУ ХК
  6. Саусгоби Сэндс ХХК
  7. Голомт банк ХК
  8. Худалдаа Хөгжлийн Банк ХК
  9. Шунхлай ХХК
  10. Алтангадас Трейд ХХК

Ажиллагсдын тоо

  1. Оюутолгой ХХК
  2. Премиум нэксус ХК
  3. ХААН Банк ХК
  4. Голомт банк ХК
  5. Дижитал Концепт ХХК
  6. Энержи Ресурс ХХК
  7. Монголын Алт МАК ХХК
  8. Худалдаа Хөгжлийн Банк ХК
  9. Макс групп ХХК
  10. Номин Холдинг ХХК

Ашиг

  1. Оюутолгой ХХК
  2. ХААН Банк ХК
  3. Бороо гоулд ХХК
  4. Голомт банк ХК
  5. Хан алтай ресурс ХХК
  6. Худалдаа Хөгжлийн Банк ХК
  7. Хүрэн Толгой Коал Майнинг ХХК
  8. АПУ ХК
  9. Монголын Алт МАК ХХК
  10. Юнител ХХК

Хөрөнгө

  1. Монголын Алт МАК ХХК
  2. ХААН Банк ХК
  3. Энержи Ресурс ХХК
  4. Худалдаа Хөгжлийн Банк ХК
  5. Голомт банк ХК
  6. Хүрэн Толгой Коал Майнинг ХХК
  7. Эрдэнэс цагаан суварга ХХК
  8. Бодь Интернэшнл ХХК
  9. АПУ ХК
  10. Болдтөмөр Ерөө Гол ХХК

2025 оны хувьд уул, уурхайн компаниуд ТОП-100 компанийн жагсаалтад нийт тоогоор хоёрдугаарт орж байгаа ч борлуулалт, татвар, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгө гэсэн бүх үзүүлэлтээр тэргүүлсэн онцгой жил боллоо.

2024 онд ашгийн бараг 50%-ийг эзэлж байсан санхүү, даатгалын салбар 2025 онд 27.7% болж буурсан байна. Харин худалдааны салбар борлуулалт, татвар, ажиллагсдын тоогоор 2-рт эрэмбэлэгдсэн хэвээр байна.  2025 оны байдлаар ТОП-100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 65.7 их наяд төгрөгт хүрч, 2024 оныхоос 10.8 их наяд төгрөгөөр буюу 19.7 хувиар өссөн байна.

Үүний үр дүнд ДНБ-д эзлэх хувь нь 69 хувиас 73 хувь болж 4 нэгжээр нэмэгджээ. ТОП-100 аж ахуйн нэгжийн төвлөрүүлсэн татварын хэмжээ 8.04 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.2 хувиар өссөн байна. Мөн нийт татварын орлогод эзлэх хувь нь 28 хувиас 30 хувь болж өссөн нь эдгээр аж ахуйн нэгжийн төсөвт оруулах хувь нэмэр нэмэгдсэнийг харуулж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026