”Улаанбаатар марафон”-ы АЛДАА
2018/05/29

Улаанбаатар Марафон нь гүйгчдийн хувьд хэдэн сарын хөлс хөдөлмөр, бэлтгэлийнхээ үр шимийг үзэхээр хүсэн хүлээдэг хамгийн том баяр наадам нь болжээ. Хамгийн сайшаалтай зүйл бол сүүлийн үед манай иргэдийн дунд эрүүл мэнддээ анхаарч гүйлтийн спортоор хичээллэх хүмүүсийн тоо олширч, уралдаан тэмцээнд оролцож өөрийгөө сорих, өөрийгөө ялан дийлэх хүсэл эрмэлзэл маш их байгаа нь анзаарагдлаа. Харамсалтай нь 5 дахь удаагаа болж байгаа энэхүү гүйлтэд оролцогчдын тоо нэмэгдсэнээс биш чанар, зохион байгуулалтын хувьд огтхон ч сайжирсангүй. Хамгийн аюултай нь зарим хүмүүс марафон гүйлт ингэж л зохиогдох ёстой юм байх гэсэн ойлголттой болж байна. 

Миний бие энэхүү марафонд 4 жил оролцсон мөн гадаадын томоохон марафонд гүйж үзсэний хувьд бас мейжор марафонуудыг байнга сонирхож үздэгийн хувьд тэдгээрийг өөрийн хотын марафонтойгоо харьцуулан ирэх жилийн марафонд энэ алдаануудаа засаж илүү сайжраасай гэсэн сэтгэлээр үүнийг бичиж суугаа юм шүү. Авах гээхийн ухаанаар хандаж хэрүүл битгий хийгээрэй, гуйя. 

    НЭРНЭЭСЭЭ ЭХЛЭЭД Л АЛДААТАЙ

International Ulaanbaatar Marathon (лого үзнэ үү). ‘International’ гэдэг тэмдэг нэр Улаанбаатар-ыг тодотгож байгаа учраас олон орны улс амьдардаг Улаанбаатар хотын марафон гэсэн утгатай болох тул найруулгын алдаатай. Тиймээс “Seoul International Marathon”, “Big Sur International Marathon” гэдэг шиг “Ulaanbaatar International Marathon” гэх нь зөв. Олон улсын гэх тодотголтой энэ гүйлтийг гадаадын олон хүмүүс харж уншиж байгаа.

      ГАРААНЫ СИНДРОМ

Манай зохион байгуулагчид олон мянган хүн хамруулах гэж тооны хойноос хэтэрхий хөөцөлдөөд чанар, зохион байгуулалт дээрээ алдаад байна. Марафон болоод FUN RUN буюу олон нийтийг хамарсан зугаатай гүйлтийг салгаж ойлгох нь чухал. Аль алийг нь хооронд нь хольсноос хамгийн анхаарч үзэх ёстой марафоны тамирчдаа анхаарахгүй, эмх замбараагүй зохион байгуулалт муутай болоод байгаа мэт санагддаг. Адуугаа аятайхан уралдуулаад байдаг хирнээ энэ хэдэн гүйгчдийг асуудалгүй уралдуулчихаж чадахгүй юм. Бүх зайн гүйлтийг бөөн гараагаар гаргасан нь шүүлт хийхэд төвөгтэй, будлиантай болгосноор зогсохгүй эмх замбараагүй байдал үүсгэсэн. Сэтгэлийн хөөрлөө барьж дийлэхгүй барианаас түрүүлж гарах гэсэн залуус бие биенээ ёворч, хөл дээрээ гишгэлцэн, адгуус шиг дайрах нь нэгийгээ гэмтээх аюултай байсан. Залуучуудад түлхүүлж унах вий гэсэн айдас байсныг нуухгүй. Ялангуяа бүтэн марафонд гүйгчдийн хувьд массаас тасрахын тулд ингэж спринт хийж гараанаас гарах нь амжилтанд нь сөргөөр нөлөөлдөг.  Миний бодлоор зай тус бүрээр нь бүс холгож хуваагаад (A B C D zone г.м.) бүтэн болон хагас марафоны гүйгчдийг гараанаас зэрэг гаргасны дараа 5-10 минутын зайтайгаар 10 км, 5км-ийн зайн гүйгчдээ тус тусад нь гаргах нь дээр. Бүр дайраад дийлддэггүй юм бол өөр газраас гараанаас гаргах хэрэгтэй. Ялангуяа 5км-ийн зайн гүйлт олон насны ангилалтай учраас шүүхэд хэцүү бөөн хэрүүл болдог. Зарим хүмүүс Би түрүүлж ирсэн, би тэрний, энэний урд ирсэн гээд л шүүгчидтэй хэрэлддэг. Энэ жил бас л хэвээрээ. Гараа бариа, замын явцад тодорхой цэгүүд дээр видео бичлэг хийгээд цаг хугацаатай нь YOUTUBE дээр тавьчих хэрэгтэй. Эсвэл бүгдэд нь ажиллагаатай чип өгчих.  Ер нь марафоныхоо зам маршрутыг эргэж харах хэрэгтэй болов уу. Замаа давхцуулахгүйгээр уултай, устай, хотын түүх дурсгалтай газруудыг дайрч гүйхээр сонговол дээр бус уу? Байшин дунд 10 км-ийн тойргоор 4 тойрдог марафон манайхаас өөр байдаг болов уу? Бүү мэд.

     ЧИ УСГҮЙГЭЭР 42 КМ ГҮЙЖ ЧАДАХ УУ?

гэдэг нэртэй марафон зохиочих шиг боллоо. Дэлхийн шилдэг марафончид болох Кипчоге, Бекеле нар ч гэсэн тийм халуунд усгүйгээр 42 км гүйдэггүй юм. Зохион байгуулагчдын бас нэг алдаа бол усаа буруу түгээсэн. Эхний тойрог дээр усны цэгүүд дээр 0,5 л- ийн савтай усыг олноор нь тавьсан байсан. Хүн бүр нэг нэгийг шүүрч аваад нэг нэг балгаад (гүйж яваа хүн усыг ихээр ууж чаддаггүй) замын хажуу руу шидэцгээчихсэн. Уул нь том савтай усыг цаасан аяганд хувааж хийгээд ширээн дээр тавьсан бол мөнгө хэмнэхээс гадна гүйгчдэд ч уухад эвтэйхэн байх байсан. Ивээн тэтгэгчийн тэр их мөнгө ингээд л үргүй хаягдсан, ус нь дууссан учраас сүүлчийн хоёр тойрог дээр зарим гүйгчид харангадаж эхэлсэн. Ингэж халуунд усгүй гүйхэд dehydration буюу бие усгүйжиж, хөлсөөрөө кали, натри, магни, кальци зэрэг эрдсүүдээ алдаж булчин цуцах, шөрмөс татах,булчин зангирах, наранд цохиулах тэр бүү хэл ухаан алдаж унах хүртэл эрсдэлтэй байдаг. Тиймээс бүтэн марафонд (42 км 195 м) гүйж байгаа гүйгчдээ онцгойлон анхаарч хүндэтгэлтэй хандах нь илүү хүнлэг алхам болно. Энэ жилийн марафонд зарим тамирчдын үзүүлсэн амжилт ч тийм сайн байгаагүй нь үүнтэй холбоотой байж магадгүй. Ивээн тэтгэгчдийн нэрсийн дунд RED BULL байгааг хараад баярласан. Ядаж 42 км-ийн гүйгчиддээ ганц ганц энергийн ундаа өгчихсөн бол... хэдэн кг банана аваад таллаад тавьчихсан бол... атга үзэм цаасан аяганд хийгээд тавьчихсан бол... толгой норгох хүйтэн устай порлон бэлдсэн бол... гэж бодогдсон. Богино зайн гүйгчид үүнийг ойлгох учраас нэг их барьцаад байхгүй болов уу. Сүүлийн тойрог дээр өгсөн protein bar тагнайд наалдаад бас дээр нь усгүйг хэлэх үү гүйж байхдаа идэхэд бөглөрчих гээд хэцүү байв. (Хэрэв ивээн тэтгэгч уншиж буй бол бэлгийн морины шүдийг үзлээ гэж бүү ойлгоорой. Дараагийн удаа бодолцвол гэж л тэр шүү.) Миний бодлоор эхний 5км хүртэл ерөөсөө ус тавих хэрэггүй. Хүний биеийн 2/3 % ус байдаг ба 5-10 км-т хүн өөрийн бие дэх усныхаа нөөцөөр явчихна. Үнэтэй спорт ундаа нэхээгүй ш дээ. Усаа л хүртээмжтэй өгчих. Мөн ядаж хагас болон бүтэн марафонд замаа гүйцээж барианд орсон хүмүүст Finisher дурсгалын медаль зүүгээд өгчихвөл ямар их урам зориг авахыг бодолцсон уу? Тэдэнд дурсгалтайгаас гадна өөрөөрөө бахархах сэтгэл, өөртөө итгэх итгэл өгөх нь дамжиггүй. Медалийн өртөг уул нь хямдхан л юм билээ. Ер нь манайхаас өөр медальгүй марафон байдаг юм болов уу? Анонс дээр багтахгүй шахам олон ивээн тэтгэгчтэй, оролцогчдын хураамж 25.000 төгрөг бас дээр нь төсвийн мөнгө зэргийг тооцвол хөрөнгө дутсандаа биш сэтгэл дутав уу гэлтэй.

     НАЙРСАГ БИШ БҮДҮҮЛЭГ УЛААНБААТАРЧУУД

Гүйгчдийг бухимдуулсан бас нэг зүйл бол манай монголчуудын соёлгүй, бүдүүлэг, хувиа хичээсэн үйлдлүүд байсан. Хөгжөөн дэмжихээ байг гэхэд гүйгчдийг хүндэлж минут секундтэй өрсөлдөж яваа тэдэнд зам тавьж өгсөнгүй, тэдний урдуур тээглэж зам хөндлөн гарах гэж зүтгэх, цагдаа нарын шаардлагыг огт биелүүлэхгүй хэрэлдэх, гүйлтийн зам дээр дугуйтай зэрэгцэж давхих, гүйгчдийг элдвээр хэлж хоорондоо ярих зэрэг тун бүдүүлэг авир аашаа гайхуулаад авсан. Манайхаас бусад улс оронд оршин суугчид хүүхдүүдээ дагуулаад урмын үгс бичсэн плакат барьж хэдэн км үргэлжлэх зам дагуу эгнэж зогсоод гүйгчдийг сэтгэл санаагаар дэмжиж, хоолойгоо сөөтөл урмын үг хашгирч танихгүй хүмүүсийг сэтгэлээсээ дэмждэг мөн олон хүмүүс сайн дураараа зохион байгуулалтад оролцож тусладаг. Энэ нь хүүхдүүдээ спортод дуртай болгож хүмүүжүүлэх, тэсвэр хатуужил суулгах, марафоны гайхамшгийг мэдрүүлэх нэг төрлийн хичээл гэлтэй. Хүний биед ойролцоогоор 2000 калори бүхий глюкоз агуулагддаг ба бүх илчлэгээ шатаагаад нүүрс ус чинь дуусахаар бие хэвийн ажиллаж чадахаа больдог. Ихэнх оролцогчдын хувьд марафон бол тэмцээн биш, тэдний хувьд энэ нь өөрийгөө ялан дийлэх сорилт, өөрийгөө хөгжүүлэх, амьдралаа өөрчлөх гэсэн оролдлого байдаг. Марафонд гүйх бол тийм амар эд биш, бүх мах бодь булчин нь татгалзчихаад, бензин дуусчихаад байхад өөрийгөө дайчилж бууж өгөхгүй гэж өөртэйгөө тэмцэж яваа улс шүү дээ. Ийм хүмүүст ганц ч болов урмын сайхан үг хэлэхэд ямар их энерги, хүч тэнхээ өгдгийг зарим хүмүүс ойлгохгүй байна. Ганцхан минут хүлээгээд зам тавьж өгч чадахгүй гүйгчдийн өмнүүр хөндөлсөж замд нь тээглэж уцаарлаж байгаа иргэдийг хараад, “Энэ одоо хэзээ дуусах юм болоо?”, “Энийг хараач ээ гүйхгүй алхаад байна ш дээ” гэж хоорондоо ярих хүүхнүүдийн яриа чих дэлсээд, “Чиний газар дээр яваа юм уу?” гэж цагдаагийн өөдөөс хэдэрлэх гүзээтэй эрийг хараад манай монголчууд ямар өчүүхэн бодолтой, мулгуу болсныг, оюун санааны хувьд ямар их доройтож байгаад харамсах сэтгэл төрснийг нуух юун. Нөгөө сайхан уриа үг шигээ НАЙРСАГ УЛААНБААТАРЧУУД байл даа.

     ХӨТЛӨГЧ

Гүйлтийг урлагийн хүн бус Race Director буюу гүйлтийн ерөнхий зохион байгуулагч хөтлөх нь зүйтэй. Хөтлөгч уралдааны өмнө маршрутаа танилцуулж зааварчилгаа өгөх ёстой болохоос биш худал хоосон үгээр оролцогчдын цөсийг хөөргөж, чанга дуу хөгжим чарлуулж анхаарлыг нь сарниулах учиргүй. Хөтлөгчийн микрофон сонсогдохгүй байснаас болж хүмүүс хаана юу болоод байгааг ойлгоогүйгээс гараанаас хоцорсон улс маш их байсан. Зам дээр чиглэл заасан тэмдэг, километрийн тэмдэглэл байхгүйгээс зарим тамирчид буруу замаар гүйсэн тохиолдол гарсан. Гадаадын марафонуудад Race Director тэмцээний зааварчилгааг өгч амжилт хүсээд хотын дарга дохионы буу тавиад тэмцээн цагтаа эхэлдэг. Харин манай олон дарга нар ээлжилж нуршуу үгээ хэлсээр тамирчдыг залхааж товлосон цагтаа эхэлдэггүй. Шүүгч нар зохион байгуулагч нараас юм асуухаар мэдэх амьтан байхгүй. Зохион байгуулагч нар сайн дурынханд зааварчилгаа сайн өгөх хэрэгтэй.

      ГАДААДЫН ТАМИРЧИД ДАХИЖ ИРЭХГҮЙ

Олон улсын гүйлт гэдэг утгаараа гадаадаас гүйгчид ирж оролцдог ба Улаанбаатарт суугаа гадаадын иргэд мөн ихээр оролцдог болсон. Өчнөөн мөнгөө зараад манай марафонд оролцохоор ирсэн гадаадын гүйгчдийг хараад монголчуудынхаа өмнөөс маш их ичсэн. Англи хэлээр зааварчилгаа танилцуулаагүй болохоор яахаа ч мэдэхгүй гайхсан байдалтай байсан. Уралдааны үеэр тэдний амнаас тун таагүй үгс их сонсогдлоо. Гараан дээр байраа эзлээд зогсож байгаа оролцогчдын дундуур мөрлөн зүсэж элит эгнээ рүү зүтгэх залуусыг хараад тэд “Very ambitious. He wants to win the race.” гэж шоолон инээлдэж байв. Уралдааны дундуур урдуур нь тээглээд зам хөндлөн гүйж байгаа авгайг хараад нэг шар залуу f***k гэж харааж байгаа дуулдсан. Мөн тэмцээний дараа хэдэн Америк залуустай хоёр үг сольтол 25 доллар төлсөн, ус байхгүй хатаж үхэх шахаад ТҮЦ- нээс ус худалдаж авсан дахиж хэзээ ч UB Marathon-д оролцохгүй гэж уурлаж байсан. Бас нэг бодолцож үзэх ёстой зүйл бол хүмүүсийн хувцсыг хадгалах. Манайхны хувьд хөгжөөн дэмжигч найздаа хувцсаа бариулчихдаг бол гадаадын олон гүйгчид том том үүргэвчтэй гүйж байгаа харагдсан. Гараа бариа нь нэг цэг дээр болж байгаа уралдааны хувьд сэтгэл л гаргавал энэ бол асуудал биш. Талбай дээр нэг асар гаргаад ядаж зөвхөн гадаадынхны хувцсыг гялгар уутанд хийж хадгалаад энгэрийн дугаараар нь буцаагаад өгчихөж болноо доо. Гараа, бариа нь өөр өөр газар болж байгаа бол машинаар зөөчихдөг юм билээ. Гагцхүү зохион байгуулалт л хэрэгтэй. 

Мэдээж олон мянган хүнийг хамруулж байгаа учраас хүн хүч хэрэгтэй. Тиймээс сайн дурынхныг олноор хамруулах хэрэгтэй. СV дээрээ аятайхан бичүүлэх юмтай болох хүсэлтэй оюутнууд олдож л таараа. Мөн гэрэл зураг авахуулах фон бүхий том самбар бэлдчихвэл оролцогчдын хувьд дурсгалын зурагтай үлдэнэ. Тэрэн дээр нь оролцогчийн овог нэр асч гардаг бол бүр догь.

Хотын дарга нээлтэн дээр Улаанбаатар Марафон тун удахгүй Бостон Токиогийн Марафонтой адил алдартай марафон болно гэдэгт бат итгэж байна гэсэн. Хэрэв ийн бат итгэж байгаа бол эдгээр алдаануудаа засаж зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгынхоо үүднээс энэхүү марафоноос тусдаа олон нийтийг хамруулсан бүх нийтийн гүйлтийг жилд хэдэн ч удаа зохиож болно. Оролцох сонирхолтой улс хэдэн мянгаараа бий. Тэрнээс биш албан хүчээр хүн цуглуулах гэж сугалаа явуулах, байгууллагуудаар цом аялуулах, ажилчдаа сайн хамруулсан ААН байгууллагыг шагнана гэх зэргийн арга ядсан онигооны юм аа больвол таарна. Гадаадын марафонуудаас суралцах хэрэгтэй. Гэхдээ энэ нь зохион байгуулагч нар төсвийн мөнгөөр гадаад яв гэсэн үг огт биш. Өөрөө марафоны замаар гүйхгүй л юм бол нээлт хаалт стадионд үзээд марафоны уур амьсгалыг мэдрэхгүй, туршлага судлахгүй. Харин мэргэжилтэн урьж авчирч ажиллуулах нь үр дүнтэй байж магадгүй. Эсвэл бүр чаддаггүй юм бол хувийн компанид эрхийг нь өгчих хэрэгтэй. 30.000 хүн талбай дээр цуглууллаа гээд алдартай том марафон болохгүй ээ.

Эх сурвалж: I RUN Mongolia фэйсбүүк хуудас

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    mongolchuud malaasaa dor mal haaya ghed ergedeg zogsdog
    2018 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин
    үнэхээр зөв зүйл бичжээ.баярлалаа. ойрд ийм зөв өнцгөөс бичсэн зүйл уншсангүй
    2018 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин
    үнэхээр зөв зүйл бичжээ.баярлалаа. ойрд ийм зөв өнцгөөс бичсэн зүйл уншсангүй
    2018 оны 05 сарын 31 | Хариулах
  • Иргэн
    Маш зөв, сайхан зөвлөгөө өгсөн байна. Үүнийгээ засаад явбал сайхан болно.
    2018 оны 05 сарын 29 | Хариулах
  • mn
    за ойлголоо
    2018 оны 05 сарын 29 | Хариулах
Сонин хачин