Ямар бөх чадалтай, ямар эмэгтэй царайлаг болохыг мэдэхэд бэрх цаг болжээ. Монголын үндэсний бөхийн холбооноос энэ онд анх удаа явуулсан бөхчүүдийн допингийн хэрэглээг хянах гэнэтийн шалгалтад таван бөх бүдэрсэн нь бөхчүүд, бөх сонирхогчдын нүд, чихийг орой дээр нь гаргах шахсан.
Таван бөхөөс улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын нэрс ил болж, холбооноос 2018 оны дөрөвдүгээр сард тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан бол Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр тав дахь бөхийн нэрийг зарлалаа. Тэр бол Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан аж.
“Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд бөхчүүдээс явсан шинжилгээний дээжийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлж, албан ёсны хариуг хүлээн авсан ба А шинжилгээний хариунд эргэлзсэн улсын заан Б.Пүрэвсайханы хүсэлтээр B сорьцыг дахин шинжлүүлэхэд допингийн төрлийн бодис дахин илэрч, өмнөх дүн баталгаажжээ. Бусад дөрвөн бөхийн тухай А сорьцыг дахин шинжлүүлэх талаар заасан хугацаанд гомдол гаргаагүй тул допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэн, нэрсийг нь олон нийтэд зарлаад байсан юм.
Ийн өнгөрсөн жилийн наадамд олимпийн аварга Н.Түвшинбаяраар найм давж, төрийн наадамд үзүүрлэж явсан шинэ гарьд Ө.Бат-Орших, уран хурц барилдаант заан Б.Пүрэвсайхан (Улсын заан Д.Бумбаярын хүргэн), залуу начин Э.Даш нарын бөхчүүд допингийн дуулианд холбогдож, барилдах эрхээ хасуулж байгаа нь балагтай явдал гэхээс яахав.
Хэдийгээр тэд бүгдээрээ бэртэж, гэмтээд эм, тариа хэрэглэсэн гэсэн тайлбар хэлдэг ч допинг бол допинг шүү дээ. Мэдсээр байж хэрэглэсэн үү, мэдээгүй уусан уу гэдэгт нь итгэхэд хэцүү ийм жишээ, онцгүй жишиг олон ч жил яригдаж байна. Наадам өнгөлдөг бөхчүүд хоёрын хоёр жил барилдахгүй, зодоглохгүй гэхээр харамсалтай л юм.
ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН БӨХЧҮҮД
Б.ЭНХ
Сэтгэгдэл байхгүй байна