Найм дахь удаагаа Эверестийг зорьсон Японы уулчин амь эрсэджээ
2018/05/22

Дэлхийн ноён оргил Эверестийг эзлэхээр аялалд гарсан Японы уулчин, 36 настай Нобүказү Күрики зорилгодоо хүрч чадалгүй ууланд амиа алдсан харамсалтай осол гарчээ. Тэрээр Эверест дэх Кэмп-2 баазаас нас барсан байдалтай олдсон тухай “The Himalayan Times” мэдээлсэн байна.

Күрикитэй хамт оргил өөд авиралтаа эхлүүлсэн шерпа /хөтөч/ нь түүнийг өчигдөр өглөө /2018.05.21/ үндсэн кэмп дэх майхандаа нас барсан байхыг олж, улмаар холбогдох хүмүүст мэдээлэл дамжуулжээ. Япон уулчны цогцсыг уулнаас буулгах ажиллагааг эхлүүлсэн байна. Одоогоор үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа юм.

Орон нутгийн аяллын хөтөч компанийн менежерийн хэлснээр Нобүказү Күрики дөрвөн хөтчийн хамт Эверестийн оргил өөд үндсэн дайралтаа хийхээр бэлтгэж байсан гэнэ. Нас барахаасаа өмнө Күрики фейсбүүктээ ханиад тусч, биеийн байдал тааруухан байгаа тухайгаа бичиж байжээ. Тэрээр хамгийн сүүлд “Би 7400 метрийн өндөрт ирээд байна. Энэ хайрханд би өвчин зовлон, хүндрэл бэрхшээлийг туулж байгаа ч  өөдөө өгссөөр л байна. Маш болгоомжтой байж, өндөрт гарахыг хүсч байна” гэж бичсэн байна.

Күрики өмнө нь долоон удаа Эверестийн оргилыг эзлэх оролдлого хийсэн ч удаа дараа амжилтгүй болж байжээ. Сүүлд өнгөрсөн жилийн намрын авиралтаар мөн л зорилгодоо хүрч чадалгүй буцаж байв. Өмнө нь МакКинли, Аконкагуа, Эльбрус, Килиманжаро оргилыг эзэлж байсан тэрээр 2012 онд Эверестэд авирч байхдаа осгож, есөн хуруугаа тайруулсан байна. Ерөөс Эверестийн оргилд гарна гэдэг түүний чин хүсэл, зорилго байжээ. Харамсалтай нь, хүсэл тээсэн оргилдоо тэр амиа өргөсөн байна.

 

Б.СЭЦЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин