”ТОКИО-2020” тэтгэлэгт хамрагдах 17 тамирчныг зарлалаа
2018/05/18

Олон улсын олимпийн хорооноос "Токио-2020" олимпийн наадмыг угтан, олимпийн хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Олимпийн наадамд оролцох эрх авах, цаашлаад медаль хүртэх боломжтой ирээдүйтэй, шилдэг тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж байна.

Монголын үндэсний олимпийн хорооноос, Спорт холбоодын албан хүсэлтийн дагуу тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг Олон улсын олимпийн хороонд илгээн, шалгаруулснаар энэхүү хөтөлбөрт нийт 17 тамирчин хамрагдаж байна.

Монголын үндэсний олимпийн хорооны хурлын танхимд "Токио-2020" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол болж, тамирчдыг зарлалаа.

Ёслолд Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцож, тэтгэлэгт хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагчид, спорт холбоодын төлөөлөгчдөд амжилт хүсэн, баяр хүргэв.

Энэхүү тэтгэлэгт хамрагдаж байгаа тамирчид нь Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Спорт холбоотой дөрөвлөсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд 1 сард 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, спорт холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар зориулах юм. 

"Рио-2016" олимпийн наадмын тэтгэлэгт хөтөлбөрт бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн спортын долоон төрлийн 17 тамирчин хамрагдаж байсан билээ.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ ТАМИРЧИД

  • Жүдо - Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар
  • Буудлага - О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа
  • Бокс - Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ, М.Намуун
  • Чөлөөт бөх - П.Орхон, Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг
  • Таэквондо - П.Тэмүүжин
  • Хөнгөн атлетик - Д.Гантулга
  • Байт харваа - Д.Мирослава
  • Хүндийн өргөлт - М.Анхцэцэг

Эх сурвалж: МҮОХ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин