Монголын хөлбөмбөгийн холбоо, "Андууд сити клуб" ХХК-тай өнөөдөр 2018-2022 оныг хүртэл хамтран ажиллах 1 тэрбум төгрөгийн гэрээ байгууллаа.
Гэрээнд зааснаар үндэсний дээд лиг жилд 200 саяын шагналын сантайгаар зохиогдохоор боллоо. Энэ нь Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай гэрээ гэдгээрээ рекорд болж байна.
Одоо үндэсний лигүүд "Андууд сити клуб" ХХК-ийн "Мазала" брэндийн нэрээр овоглож, урьд өмнө байгаагүй өндөр шагналын сантайгаар зохион байгуулагдана.
МХБХ 2015 онд “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гэрээ байгуулж, дээд лигийнхээ шагналын санг 100 сая төгрөг болгосон нь Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр дүн байсан бөгөөд өнөөдөр "Арвайн үндэс" ХХК-тай байгуулсан гэрээг амжилттай дүгнэлээ. Тэгвэл гурван жилийн дараа шагналын сангаа дахин 100 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хөлбөмбөгийн спортын хөгжил хурдацтай урагшилж байгааг харуулж байна.
Монголын хөлбөмбөгийн холбоо, "Андууд сити клуб" ХХК, "Мазала" брэндтэй хамтран ажилласнаар хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болохоос гадна дээд лигийн тоглолтуудын тоглолт бүрийн тасалбар бүрээс 100 төгрөг, мөн "Мазала" брэндийн борлуулсан ширхэг бүрийн 10 төгрөг нь "Мазаалай хамгаалах сан"-д дэмжлэг болж очино.
"Мазала" дээд лиг дөрөвдүгээр сарын 28-нд эхлэх ба "Атлетик 220", "Арвис", "Гоёо Эф Си", "Дэрэн", "Сэлэнгэпресс", "Улаанбаатар сити", "Хангарьд, Жипро", "Эф Си Улаанбаатар", "Эрчим" гэсэн 10 багийн ширүүн өрсөлдөөн дунд өрнөнө. Харин тавдугаар сард эхлэх "Мазала" нэгдүгээр лигт энэ улиралд анх удаа 12 баг тоглох учраас өмнөх жилүүдээс сонирхолтой явагдах нь дамжиггүй.
Өнгөрсөн гурван жилд үндэсний дээд лигийг ивээн тэтгэсэн “Алтан жолоо” группт МХБХ нийт хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс талархал илэрхийлэн МХБХ-ны “Гавьяаны одон”-оор шагнаж, үнэмлэх олгосон.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна