Гуравдугаар сарын шилдэг тамирчдыг тодруулаарай
2018/04/09

Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж байгаа билээ.

Өмнөх сарын шилдгүүдээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Гавьяат тамирчин Дэлхийн аварга П.Орхон, Азийн аварга 3x3 сагсан бөмбөгийн Монголын шигшээ баг, 13 настай шатарчин Батсүрэн, Улсын 27 рекордыг эзэмшдэг усанд сэлэлтийн тамирчин Б.Энххүслэн, Азийн наадмын сорилго тэмцээний аварга таеквондогийн тамирчин П. Тэмүүжин нар тодорч байв.

Гуравдугаар сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан нийт долоон тамирчныг сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшүүлж байна.

Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсон П.Орхон хамгийн олон буюу 4 дэх удаагаа сарын шилдэг тамирчин шагналд өрсөлдөх боллоо. Харин ОХУ-ын Екатеринбург хотноо явагдсан жүдогийн их дуулга тэмцээнд түрүүлсэн ОУХМ Ц.Цогтбаатар 2 дахь сардаа дараалан сарын шилдэг тамирчинд нэр дэвшжээ. Мөн мэргэжлийн сүмогийн Хару башёд түрүүлсэн их аварга Какүрюү М.Ананд, ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээнд түрүүлсэн Э.Бэхбаяр, Японы Такасаки хотноо явагдсан чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг тус тус нэр дэвшлээ.

"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах юм. Санал хураалт дөрөвдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд сарын шилдэг тамирчны нэр дөрөвдүгээр сарын 18-нд зарлагдана.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин