Р.Нямдорж: Тэд Дээд шүүхийн тогтоолыг ноцтой зөрчсөн
2018/03/24

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит VIII "Их Эе" өнөөдөр (2018.03.24) хуралдаж байна. Энэхүү хурлыг тойрсон үйл явц долоо хоногийн турш үргэлжиллээ. Олон жил маргаан дагуулсан бөхийн хүрээний хуралтай холбоотойгоор тус холбооны тэргүүн Р.Нямдорж гуравдугаар сарын 21-нд ТҮ5 телевизийн "Монгол улсаа хөгжүүлье" нэвтрүүлэгт оролцохдоо юу ярьсныг товчлон хүргэе. 

....Х.Баянмөнх , Ж.Ганболд, А.Сүхбат, Ц.Дуламсүрэн нарын зохион байгуулж хуралдуулсан ээлжит бус "Их Эе” гэх цуглаан нь МҮБХ-ны дүрэм, “Ээлжит ба ээлжит бус Их Эеийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоох журам”, Улсын дээд шүүхийн 2003 оны 403-р тогтоолыг ноцтой зөрчсөн юм.

Баримт хэлье.

Нэг. Ээлжит ба ээлжит бус "Их Эе"-д улсын аварга, арслан, гарьд, заан цолтой бөхчүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох дүрэм, журмын заалттай. Гэтэл 10 аваргын 3 нь буюу 30% нь, 15 арслангийн 4 нь буюу 26% нь, 10 гарьдын 2 нь буюу 20% нь, 27 зааны 6 нь буюу 22% нь оролцсон байна. Ийнхүү Их Эеийн ирцийг бүрдүүлэх өндөр дээд цолтой бөхчүүдийн 80 орчим хувь нь тэдний явуулсан ажиллагааг хууль бус гэж үзэн оролцоогүй байна. Мөн нэг аймгийн бөхчүүдээс харцага цолтой 1 бөх, начин цолтой 1 бөхийг тэдний хурлаас сонгон “Их Эе”-д төлөөлөгчөөр оруулах журамтай. Гэтэл 5 аймгийн 5 харцага, 5 аймгийн 5 начин оролцон бусад 16 аймгаас төлөөлөл оролцуулаагүй байна. Энэ нь Их Эед оролцвол зохих харцага, начин цолтой бөхчүүдийн 76 % нь болж байна.  Ийнхүү ээлжит бус "Их Эе"-д оролцвол зохих улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтой 103 бөхөөс 78 нь буюу 80 орчим хувь нь оролцоогүй байна. Энэ нь уг ээлжит бус "Их Эе" гэх цуглаанд улсын алдар цолтой бөхчүүдийн ирц 20 орчим хувьтай байсан гэсэн үг. 

Хоёр. МҮБХ-ны дүрмийн 7.6-д зааснаар МҮБХ-ны тэргүүлэгчид “Их эе”-д төлөөлөгчөөр оролцох эрхтэй. Гэтэл сонгуульт үүргээ гүйцэтгэж буй тэргүүлэгчдэд хаана, хэдэн цагт хуралдахыг хэлэлгүй нууцалснаар нэг ч тэргүүлэгч уг хуралд оролцож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, тэдний ирц 0 байна.  Мөн МҮБХ-ноос мэргэжлийн зэрэг авч албан үүрэг гүйцэтгэж байгаа улсын зэрэгтэй 52 засуулаас 18 нь, гарын даа, хаяавч, холбогчоор ажилладаг 25 хүнээс 5 нь, тайлбарлагч, эмч, зохион байгуулах багт ажилладаг 22 хүнээс мөн 5 нь тус тусын хурлаар сонгогдон Их Эед төлөөлөгчөөр оролцох журамтай. Энэ хэсгийн 28 хүнээс нэгийг ч “Их Эе”-д оролцуулаагүй байна. 

Гурав. "Их Эе"-д аймаг бүрээс 2 төлөөлөгч сонгогдон оролцохоор журамд заасан. Гэтэл дөрвөн аймгаас 8 төлөөлөгч оролцож бусад аймгаас төлөөлөгч оролцуулаагүй байна. Энэ нь хөдөгөөс оролцох нийт төлөөлөгчдийн 81% нь оролцоогүй гэсэн үг. Ийнхүү "Их Эе"-д оролцвол зохих 200 төлөөлөгчөөс улсын цолтой 25 төлөөлөгч, аймгийн цолтой 20 төлөөлөгч, засуул, цэцийн төлөөлөл оролцоогүй, орон нутгийн төлөөлөл 8 бүгд 53 хүн оролцсон нь "Их Эе"-д оролцвол зохих төлөөлөгчдийн 26.5 хувь болж байна. Ийм цуглааныг МҮБХ-ны "Их Эе" гэж тооцож болох уу? Ийм хурал хуралдуулчихаад өөрийгөө бөхийн холбооны тэргүүн гэж зарлаад, тамга тэмдэг аваад яваад байж болох уу? Дэндүү луйварчин сэтгэлгээ гаргаж, дэндүү увайгүй аашилж байгаа хэрэг биш үү?

Дөрөв. Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, “Ээлжит бус “Их Эе”-ийн Цэцдийн зөвлөлийн гишүүдийг сонгож баталгаажуулах тухай 06 тоот тогтоолоор нэр бүхий 46 гишүүнийг сонгож баталгаажуулан, улмаар уг тогтоолын 3-р заалтаар 2002 оны IV их эеэс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болсонд тооцсон” гэжээ. 

Улсын дээд шүүхийн 2003 оны 403-р тогтоолд “МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар МҮБХ-ны ээлжит бус "Их Эе"-ийг зохион байгуулж хуралдуулахыг МҮБХ-ны цэцдийн зөвлөлд үүрэг болгосугай” гэж заасан. Энэ заалт нь ээлжит бус "Их Эе"-ээр МҮБХ-ны тэргүүний сонгууль явуулахаас өөр ямар нэг сонгууль хийх, МҮБХ-ны удирдлагын бусад бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эрхийг хэн нэгэнд олгоогүй байгаа юм. Гэтэл Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар нар ээлжит бус "Их Эе" гэх нэрээр танил талынхаа хүмүүсийг цуглуулан, Цэцдийн зөвлөлийн гишүүд, тэргүүлэгчид гэх хүмүүсийг шинээр сонгосон нь дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүд, тэргүүлэгчдийн бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан, Улсын дээд шүүхийн 403-р тогтоолыг ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа юм. Ийм увайгүй улсууд МҮБХ-ны удирдлагыг авбал цаашид юу хийх вэ? Монгол бөхийн ертөнц бохир сэтгэл, бохир хүмүүсээс хол хөндий ариун дагшин байх учиртай.

Эх сурвалж: TV5

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин