Арлын орны сүмогийн дэвжээнд аархаж явсан их аварга Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү мэргэжлийн сүмод анхны башёдоо зодоглож байгаа. Их аваргын шийр хатаах, зангаргатай залгамжлагч гэгдэж буй түүнийг Японы хэвлэлүүд ихэд онцолж байгаа юм.
Сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийн ууган ах Д.Сугаррагчаагийн хүү Хоошёорюү С.Бямбасүрэн гуравдугаар сарын хару башёд сүмогийн хамгийн доод зиндаа болох жонокүчигийн барууны 19-д эрэмбэлэгдээд байгаа юм. 19 настай залууч башё эхэлснээс хойш таван барилдаан хийснээс дөрөвт нь ялж, нэг барилдаанд өвдөг шорооджээ. Түүнийг сөхрүүлсэн бөх нь Японы домогт аварга Тайхогийн зээ, сэкиваки Такаторикигийн хүү Ная юм.
Жонокүчи зиндаанд сүмочид нэг башёд долоон барилдаан хийдэг. Хоошёорюү С.Бямбасүрэнгийн хувьд өнөөдөр гурван даваа, гурван унаатай яваа Вататанитай барилдах аж.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна