Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг 2 жилээр хаслаа
2018/03/20

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2018.03.20/ хуралдаж, дараах хоёр асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, 

1. Допингийн эсрэг дүрэм журам зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцох тухай,
2.МҮБХ-ны ээлжит 8-р Их Эеийн бэлтгэл ажлын тухай асуудал байсан ба хурлаас зарим бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нь онцлох шийдвэр байлаа. 

Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны арванхоёрдугаар сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ дахь итгэмжлэгдсэн лаборторид шинжлүүлсэн.

Уг шинжилгээгээр улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар хориотой төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон ба МҮБХ өнөөдрийн хурлаас “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-ын 4.1-д заасны дагуу Улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдууллаа.

Ингэснээр дээрх бөхчүүд улсын баяр наадам болон заал, танхимын барилдаанд хоёр жилийн хугацаанд барилдах эрхгүй болж байна.

Допингийн эсрэг зөрчил гаргасан таван бөхийн асуудал яригдаж байгаа ба дээрх 4 бөх B сорьцын шинжлүүлэх хүсэлт гаргаагүй тул хариуг хүлээн зөвшөөрч байна гэж үзэн, хариуцлага тооцож байгаа юм. Харин нэг бөх B сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан тул журмын дагуу түүний хариуг хүлээж байгаа. 

МҮБХ өнөөдрийн хурлаараа мөн энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо хуралдах МҮБХ-ны ээлжит 8-р ИХ ЭЕ-ийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, хурлын бэлтгэл бүрэн хангагдсан байна гэж үзжээ. 

Б.БАЯСАХ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин