Монголын морин спорт, уяачдын холбооноос 2018 оны гуравдугаар сарын 18-нд буюу өчигдөр "Дүнжингарав" уралдаан зохион байгуулж, энэ үеэр нийт 16 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд нь хүнд хэлбэрийн гэмтэл авсан талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлсэн билээ.
Өнөөдрийн онцлох сэдэв, маргаантай асуудал болоод буй өвөл, хаврын хурдан морины уралдаантай холбоотой асуудлаас үүдэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өгчээ.
"Дүнжингарав" морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил, дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэгдсэн ба бэртэж, гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгасан байна.
Монголын морин спорт, уяачдын холбоон удирдлагад УИХ-ын дарга М.Энхболд нарын улс төрийн хүрээний хүмүүс цөөнгүй бий. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх чиглэлийг өгснөөрөө УИХ-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг холбоо, уралдаан зохион байгуулсан хүмүүстэй хариуцлага тооцно гэсэн үг. Харин яаж гэдэг нь сонин байна.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна