Эрчүүддээ барьсан бүсгүйчүүдийн “бэлэг”
2018/03/18

Чөлөөт бөхийн 2018 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ амралтын өдрүүдэд (III.17-18) Японы Такасаки хотын “Takasaki Arena”-д болж, өнөөдөр медалийн эзэд тодорч байна. 

17 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед гэсэн найман орны баг өрсөлдөв. Монголын эмэгтэй бөхчүүд өчигдөр “В” хэсэгт БНХАУ-ын шигшээ багт 1:9-өөр ялагдсан ч Беларусийг 6:4-өөр, Румынийг 8:2-оор буулган авснаар 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон юм. Манай бүсгүйчүүд Сэм авгын бүсгүйчүүдийг 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тус бүр 5:3-аар ялж, хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл энэ удаа хүрэл медалийн төлөөх гурав дахь удаагийн "уулзалт"-д Монголын шигшээ багийн бүсгүйчүүд 6:4-өөр яллаа. Өнөөдөр Зэвсэгт хүчний ой, цэргийн баярын өдөр тохиож байгаа. Энэ өдөр эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын хүрэл медалиар эрчүүддээ “бэлэг” барилаа. 

Хүрэл медалийн төлөөх барилдаанд 50 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл эхлээд Виктория Энтонид 2:8-аар ялагдсан ч удаах дөрвөн барилдаанд ОУХМ Э.Сумъяа, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор нар өрсөлдөгчөө дараалж сөхрүүлснээр тоог 4:1 болгосон. Үүний дараа Гавьяат тамирчин П.Орхон Мэллори Велтэд 9:11-ээр, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Форрест Молинарид ялагдсан ч 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Тамыра Менсад 0:5-аар ялагдаж яваад мушгиж, хоёр оноо аван, улмаар өрсөлдөгчөө даралтад оруулж, багтаа тун чухал ялалтыг авчирлаа. Улмаар Гавьяат тамирчин О.Насанбурмаа Виктория Фрэнсисийг 11:3-аар буулгаж авснаар манай бүсгүйчүүд ялах нь тодорхой болсон юм. Сүүлийн барилдаанд спортын мастер О.Чанцалнямаа дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэйд оноогоор цэвэр ялагдав.

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН

Монгол - АНУ (6:4)

50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл - Виктория Энтони 2:8
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Сара Хильдебрант 10:6
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Жакарра Винчестер 9:6
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Аллисон Рэган 10:0
59 кг: Баатаржавын Шоовдор - Кайла Миракле 5:4
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Мэллори Велт 9:11
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Форрест Молинари цэвэр ялагдсан
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Тамыра Менса цэвэр ялсан
72 кг: Очирбатын Насанбурмаа - Виктория Фрэнсис 11:3
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Аделине Грэй 0:10

Б.БАЯСАХ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин