Хоёр тэргүүн, хоёр Цэцдийн зөвлөлтэй болж, бөх сонирхогчдын толгойг эргүүлэх болсон бөхийн холбооны асуудал удахгүй шийдэгдэх бололтой. Монголын үндэсний бөхийн холбоо “Их Эе” буюу дөрвөн жил тутамд хуралдаж, холбооны тэргүүнээ сонгодог Их хурлаа зарлалаа. Албан ёсны буюу одоо үйл ажиллагаа явуулж байгаа, Р.Нямдорж тэргүүнтэй Монголын үндэсний бөхийн холбоо энэхүү “Их Эе”-ийг зарлаж байгаа гэсэн үг.
Наймдугаар “Их Эе” гуравдугаар сарын 24-нд болох юм байна. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох, олон жил маргаан дагуулсан асуудлыг цэгцлэх гол найдвар болсон хуралд улсын цолтой бөхчүүдээс энэ цаг үед барилдаж буй 10 аварга, 14 арслан, 10 гарьд, 27 заан цолтон бүгд оролцохыг Бөхийн холбоо мэдэгдээд байна. Харин улсын харцага, начин, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн төлөөллийг журмын дагуу сонгоно гэлээ.
Сануулахад, Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурал 2017 оны зургадугаар сарын 22-нд “Монгол бөхийн өргөө”-нд болж, Цэцдийн зөвлөлийн нөхөн сонгууль, ээлжит VIII “Их Эе”-ийн товыг зарлан тогтоох, “Их Эе”-ийн төлөөлөгч сонгох журам батлах, тэргүүлэгчдийг баталгаажуулах, чөлөөлөх болон тогтоолууд батлах зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан байдаг. Хурлаас энэ удаагийн “Их Эе”-ийг товлосон. Гол хэлэлцсэн асуудал нь холбооны Цэцдийн зөвлөлийн гишүүдээс нас барсан болон гарсан 13 гишүүний оронд тус холбооны дүрмийн 7.12-т заасны дагуу дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Ганхуяг, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Д.Мягмар, улсын заан Ч.Гочоосүрэн, улсын харцага Г.Элбэг, улсын начин Х.Амараа, аймгийн арслан Н.Дашжамц, Б.Мэндсайхан, засуул Д.Цогзол, бөх тайлбарлагч Б.Цогтбаатар, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр нарыг Цэцдийн зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Цэцдийн зөвлөлийн гишүүнээр шинээр сонгосон явдал байсан.
Мөн тэр үед “Их Эе”-д төлөөлөгч сонгох журмыг хэлэлцэн баталж, тэргүүлэгчдийн бүрэн эрхийг баталгаажуулан, Ү.Хүрэлбаатарыг тэргүүлэгчээс хасах шийдвэр гаргасан юм.
Бөхийн зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар олон жил бөхийн холбоонд данстай явсан хэдий ч сүүлийн жилүүдэд одоогийн удирдлагуудыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, МҮБХ-г шинэчлэх, Цэцдийн зөвлөлийн хурал зохион байгуулах Ажлын хэсэг гэгчийг байгуулан, идэвхжүүлсэн юм. Улмаар энэ ажлын хэсгийнхэн хэсэг бөхчүүдийн хүрээнд Цэцдийн зөвлөлийн хурал, бүр Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе”-ийг хүртэл өнгөрсөн онд зохион байгуулж байлаа.
Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдсан гэх тэр хурал өнгөрсөн жилийн наадмын өмнө буюу 2017 оны тавдугаар сарын 28-нд болж байсан бөгөөд цаашид Үндэсний бөхийн холбоог “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлнэ гэж хүртэл зарлаж байв.
Мэдээж, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар энэ хурал, түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй, дахин хууль, шүүхийн байгууллагад хандсан.
Тэгэхээр одоо болох хурлаар үндэсний бөхийн холбоо шинэ тэргүүнтэй болох уу, эсвэл олон жил энэ холбоог тэргүүлсэн Р.Нямдорж үргэлжлүүлэн удирдах уу гэдэг асуултын хариу тодорно. Нэгэнтээ өнгөрсөн наадмын өмнө Л.Чинбат нар бөхийн холбоог удирдана гэх мэдэгдлийн дараа Р.Нямдорж тэргүүн “Би ажлаа өгнө, гэхдээ А.Сүхбатад өгөхгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Б.БАДМАА
Сэтгэгдэл байхгүй байна