Фото мэдээллийн “Гранд” сэтгүүл номын садангаар бүл нэмсэн онцгой баярт 12 дугаар сарын дугаараа та бүхэнд өргөн барьж байна. Эрхлэгч М.Уранчимэг өөрийн хоёр дахь бүтээл “Цэнхэр оймстууд” номоо өлгийдөн авсан, “Гранд”-ын 100 дахь дугаарын нижгэр баярын сурвалжлага энэ дугаарт багтлаа. Бидэнд олон баяр давхцаж эрхлэгч М.Уранчимэг маань 2017 оны “Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч” шагналыг МСНЭ-ээс хүртлээ. М.Уранчимэг 2003 онд ХУИС-ийн сэтгүүлчийн ангийг дүүргэн тасралтгүй 17 жил сэтгүүл зүйн тогоонд чанагдаж байгаа уран бүтээлч. Бие даасан хоёр ном гаргасан, фото мэдээллийн сэтгүүлээ 7 жил амжилттай удирдаж авч яваа залуу сэтгүүлчийн хувьд 2017 он уран бүтээлийн арвин ургацтай жил байсныг энд онцолж байна.

Энэ бол та бүхэндээ барьж буй 101 дэх дугаар маань. Дугаарын “Гранд би” булангийн зочноор Т.Бат-Оргил уригдсан. Тэрбээр өөрийн номын баяраа хийх баярт мэдээг нисгээд байгаа. “Жигүүртнээс дээгүүр” ном нь түүний нисэх мэт өнгөрсөн амьдралын он жилүүд, олон ээдрээт асуултын тайлал гэж санагдаж байгаа. “Дахин төрсөн”, хувийн амьдралдаа том өөрчлөлт хийсэн Т.Бат-Оргил энэ удаад илэн далангүй яриа өрнүүлжээ.
Сонирхолтой мэдээ мэдээлэлгүйгээр “Гранд”-ыг төсөөлөхийн аргагүй. Бид оюунлаг бүхнийг үргэлж дэмжиж ирсэн учир энэ дугаартаа доктор бүсгүйчүүдийг та бүхэнд танилцуулж байна. Оюунлаг хүн олон байх тусам нийгэм өөрөө гэгээн орших билээ.
Шинэ ресторан нь трэнд болж байгаа эзэгтэй хэн бэ, “Эмоушн” хамтлагийн эцсийн сингл бүсгүй хаягтай болсон, “Эко” Нямдаваагийн гэргий нөхрийнхөө шинэ бүсгүйтэй халз тулсан, баяраар хэн нэг ч урилгагүй хоцров, үслэг эдлэлд дурласан их хотын гангачуудын содон агшин, “Өгөөж” Түмэнгэрэлийн мөнгөө нарийлдаггүй зүйл юу байв, “Гоёл”-ын тайзны агшин гоё байж чадсан уу зэрэг олон сониучхан мэдээлэл энэ дугаарт багтлаа.
101 их гоё тоо юм. Гранд сэтгүүлийн хувьд нэгэн шинэ үе шат ийнхүү эхэлж байна. Уншигч та бүхэн маань бүгдээрээ Цэнхэр оймстууд шүү!
Хүндэтгэсэн Ерөнхий редактор Б.Ундрал
Сэтгэгдэл байхгүй байна