“Ankhaa's Symphony Orchestra Musical Vip Concert” гэх өвөрмөц нэртэй тоглолтод бяцхан догдлол тээсээр очив. Учир нь Симфони Оркестр гэснийг нь бодоход гадаадын сонгодог хөгжмийн зохиолууд Монголын тайзнаа эгшиглэх нь хэмээн бодож байлаа. Гадаа хүйтний эрч чангахан байсан ч тоглолтоосоо хоцорчихгүй юмсан гэсээр яаран ирэх хүмүүс бидний сайн танил ягаан байшингийн \УДБЭТ\ хаалгыг татаад л зогтусна. Учир нь тоглолт 7 цагт эхлэх ёстой байсан ч 7:30 гэхэд УДБЭТ-ын хаалга нээгдсэнгүй. Зарим нь хүүе ээ хаалгаа барьчихсан юм уу гээд сандчиж орилох нь сонстоно.

Цэцэг тэвэрч, догдлон зогсоо хүмүүсийн чанга чанга инээд бээрсэн хүмүүсийн сэтгэлийн хүйтэн жаврыг жаахан ч гэсэн зөөллөж байв. Хаалга нээгдэн дотогш ороход улаан дарс, халуун дулаан үйлчилгээтэй уур амьсгал даарсан хүмүүсийг угтлаа. 8:30 цагт концертын танхимын үүд нээгдэж үзэгчид ч суудалдаа тухалж амжив. Ингээд тоглолт эхлэх гэсээр шөнийн 21 /09 цаг/ цаг хэдийнэ дөхчихсөн байлаа.

Шанз, ёочин, ятга гэсэн үндэсний хөгжимтэй гурван бүсгүй симфони оркестртой хослуулан цоглог хэмнэлээр тоглолтыг ёстой л доргио эхлүүллээ. Харин нүд гялбам хурц гэрлийг үл тэвчсэн нэлээн хэдэн үзэгч гараараа, урилгаараа нүүрээ халхаж буй харагдав. Тоглолтын эхний үзүүлбэрээс л гадаадын сонгодог бүтээл Монголын тайзнаа гэсэн бодлыг минь 360 градус өөрчилчихлөө. Тиймээ энэ тоглолт гадаад нэртэй боловч Симфони Оркестр, Мюзикл, Ардын язгуур урлаг, хип хоп, Рок поп, сонгодог опера чиглэлээр Монголд анх удаа тоглогдож буй “Монгол тоглолт” аж.
Дижитал хамтлагийн дуучин Эрка “Бохир ертөнц” киноны ост “Энэ бол хайр” дуугаараа тоглолтыг үргэлжлүүлж, “6 дахь хүсэл” киноны “Найзууд”, “Мөрөөдлийн театр”-ын “Одод болохын хүслэн” киноны аялгуунууд симфони оркестртай эгшиглэв. Мөн ардын урлагийн “Жонон”, “Алтай” хамтлаг ая дуугаа өргөж, уран нугаралтаар хачирлажээ. За ингээд тоглолтын нэгдүгээр хэсэг ерөнхийдөө өндөрлөж ер бусын уянгалаг, гүн гүнзгий бодрол бясалгалын өнгө аястай намуухан хөгжмийн эгшгийг мэдрүүлэв.
Тоглолтын хоёрдугаар үе хип хоп оркестр үе байлаа. Хип хопчид жинхэнэ тэслэв. Өнөө цагийн хүүхэд залуучуудын амандаа аялдаг хип хоп хит дуунуудын ая Х.Анхбаяр гэх энэ залуугийнх байж л дээ. Ice top, Digital, реппер Gee, Gennie нар гээд л гадаад нэртэй хип хоп акулууд тайзыг доргиож чадлаа. Digital-ын “Галзуу ганц амьдарна” дуугаар тоглолтоо өндөрлөж үзэгчдийн цөсийг хөөргөлөө.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл байхгүй байна