Шийдвэр гаргахад та юуг анхаарах ёстой вэ?
2017/03/06

Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэг зөвлөж байна.

Хүн өдөрт гучин мянга гаруй шийдвэр гаргаж байдаг. Энэ нь санаатай болон санамсаргүй гаргасан шийдвэрүүд юм. Заримдаа бидэнд "үүнийг хийх үү болих уу?", "энэ гоё цамцыг худалдан авах уу болих уу? бүгд л аваад байхад би ганцаараа үлдэх гэж үү?", "энэ хүнтэй ам муруйж өөрийгөө зөвтгөх үү, өөрийгөө хамгаалах уу, яршиг төвөг цаашаа орхих уу?", "найзуудтайгаа шоудах уу, гэртээ харих уу?" .... гээд л түмэн асуултууд тулгардаг. Үүнд хэрхэн хариулах нь ШИЙДВЭР юм. Бас хэрхэн хариулснаар ирээдүйн амьдрал, амжилт, аз жаргал, инээд хөөр, эсвэл уйтгар гуниг, бүтэлгүйтэл шалтгаалж байдаг.

"ШИЙДВЭР ГАРГАХ" -энэ их том үг шүү. Ямар сургуульд хүүгээ/охиноо өгөх вэ? Ямар мэргэжил эзэмших вэ? Батаатай суух уу, Доржтой суух уу? Ажлаа үргэлжлүүлэн хийж их зүйлийг сурах уу, хэцүү байгаа болохоор ажлаасаа гарах уу? .... гэх мэт ТОМ шийдвэр гаргахад бид их цаг зарцуулж, бодож тунгаадаг. Үүнийг л "шийдвэр гаргах" гэж боддог. Гэтэл амьдрал дээр цаг минут тутам шийдвэр гаргаж амьдарч байгаагаа ерөөсөө анзаардаггүй. Тэгээд жижиг асуудлуудад яаж хандаж, шийдэж байгаа нь том асуудалд хандах, шийдэх суурь болж байдаг гэдгийг төдийлөн үл тоодог. Жижиг аар саар асуудалд бид амьдралын туршлага, мэдлэг оюунаараа мөн зөн совингоороо хандаж, шийдэж сурсан байдаг. Харин амьдралын томоохон асуудлуудад заавал шийдвэр гаргах хэрэгтэй болдог.

Ингээд шийдвэр гаргахад анхаарах хэд хэдэн зүйлийг танд хүргэж байна.

Яг одоо байгаа нөхцөл байдлаа дүгнэж, дүн шинжилгээ хий
Ирээдүйд юу болж болох талаар зөв бурууг дэнсэл
Тухайн шийдвэрийг гаргахад гарч болох “сайн” бас “муу” үр дүнг төсөөлөн бод
Тусламж зөвлөгөө ав. Хэн нэгэн туршлагатай, мэдлэгтэй эсвэл мэргэжлийн хүнээс асууж лавал.
Өөрийгөө буюу дотоод хүнээ чагна. Энэ тухай бодох үед таны дотоод хүн баяр хөөртэй байна уу эсвэр айдас түгшүүртэй байна уу? Хэрэв айдас түгшүүртэй, санаа зоволттой байх аваас та дахин сайн нягтлан, хянуур хандаарай.
Ингээд шийдвэрээ гарга. Гаргасан шийдвэр тань таны алсын хараа, мөрөөдөл зорилго, үнэ цэнэ, үнэт зүйлстэй чинь тохирч байх ёстойг санаарай.
Шийдвэр гаргахгүй удаан явах нь тийм ч сайн зүйл биш. Хэт их эргэлзээ нь цаг хугацааг сунгаж, ашиггүй болгох талтай. Ингээд шийдвэрээ гаргаад баяр хөөртэй, амжилттай амьдрахыг таньд ерөөе.

Магадгүй буруу шийдвэр гаргасан байж болно. Ингэлээ гээд бүх амьдрал дуусчихгүй. Энэ алдаагаа дахин давтахгүй байж, дараагийн шийдвэр гаргахдаа сургамж болгон ашиглаарай.

Дахин сануулахад аливаа том ч бай, жижиг ч бай шийдвэр гаргахдаа өөрийн хараа, зорилгоо үргэлж нягталж байгаарай.

Grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН ГОМО
    ХОНГОРХОН ГОМО МӨНХӨӨ МИНЬ ЧИ ЖЖОХОН БАНДИ НАРАА УРУУ ТАТСААР Л БАЙНА УУ
    2017 оны 03 сарын 06 | Хариулах
Сонин хачин